Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 73% ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Биржийн бус зах зээлийн ерөнхий журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг Холбооны ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болголоо. ББЗЗ-ийн ерөнхий журмын нэмэлт өөрчлөлтөөс онцолбол "Гэнэтийн оролцогч"-д хаалттай хувьцаат компанийн хувьцааг хөнгөлөлттэй болон тусгай нөхцөлөөр анхдагч зах зээл дээр эзэмшүүлэхээр тохиролцсон этгээдийг тооцохоор нэмж өөрчлөлт оруулсан, Шууд оролцогчийг бүртгэх шаардлага болон хасах үндэслэлүүдэд шинэ заалтуудыг нэмж оруулсан байна. Холбооны ажлын албаны дэргэд байгуулагдсан Комплаенсийн зөвлөлийн "Дүрэм" болон "Үйл ажиллагааны төлөвлөгөө"-г тус хурлаар баталж, "Комплаенсийн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг зөвлөлийн гишүүдэд тус тус үүрэг болголоо. Удирдах зөвлөл нь Холбооны өөрийгөө зохицуулах хяналтын тогтолцоо болох ёс зүйн хороо болон сахилгын зөвлөлийн гишүүдтэй өргөтгөсөн уулзалт хийж үйл ажиллагааны төлөвлөгөө болон одоо хийгдэж байгаа ажлуудтай нь танилцлаа. Мөн Холбооны дүрмийн шинэчлэл болон бүтцийн уялдаа холбооны талаар хэлэлцэж Удирдах зөвлөлөөс Ёс зүйн хороо болон сахилгын зөвлөлд хугацаат даалгавар өглөө. Өнгөрсөн сард Ажлын албанаас Андеррайтер компаниудтай уулзсан ажлын дүгнэлттэй танилцаж, Биржийн бус зах зээлийн зохицуулалт болон үйл ажиллагаанд оруулахаар төлөвлөсөн өөрчлөлтүүдийг гишүүдэд танилцуулахыг Холбооны ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгосон байна. Холбооны гишүүн байгууллагуудын Удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг 2023 оны 8-р сарын 3 дах 7 хоногт зохион байгуулахаар товлолоо.