Үнэт цаасны зах зээлийн арилжааг идэвхжүүлэх, арилжааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны нэгдүгээр сарын 29-нд “Үнэт цаасны дараа төлбөр, тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчимыг нэвтрүүлэх тухай” 29-р тоот тогтоол баталсан. Үүний дагуу “Монголын хөрөнгийн бирж”, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”, “Арилжааны төлбөр тооцоо” зэрэг байгууллагууд 2020 оны гуравдугаар сарын 27-нд хамтарсан тушаал гаргаж, үнэт цаасны арилжааны үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 31-нээс Т+2 (DvP-3) горимд шилжүүлээд байна. Улмаар “Арилжааны төлбөр тооцоо” ТӨХКомпанийн үйл ажиллагааны чиг үүрэгт өөрчлөлт орон, үүнтэй холбогдуулан хувьцаа эзэмшигч Сангийн яамны шийдвэрээр 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ноос тус компанийн оноосон нэрийг “Монголын үнэт цаасны клирингийн төв” болгон өөрчилсөн.
Үнэт цаасны клирингийн журмын дагуу 11 байгууллага МҮЦКТөвд гишүүнээр элсэх хүсэлт ирүүлснээс эхний удаад “Гүүдсек”, “Ард капитал групп”, “ТиДиБи капитал” үнэт цаасны компанийг клирингийн шууд гишүүнээр (DCM) элсүүлж, гэрээ байгуулав. Цаашид “Голомт капитал”, “БиДиСек”, “Ард секюритиз”, “Апекс капитал”, “Инвескор капитал”, “Мирэ эссет секьюритис Монгол”, “Нэйшнл сэкюритис” үнэт цаасны компани клирингийн шууд гишүүнээр элсэхээр ажиллаж байна. Түүнчлэн “Голомт” банкыг клирингийн ерөнхий гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргасан агаад гэрээ байгуулснаар клирингийн үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.
Журмын дагуу клирингийн шууд гишүүн үнэт цаасны компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нэг тэрбум, ерөнхий гишүүнийх гурван тэрбум төгрөгөөс дээш байх шалгуур тавьж буй. Шууд гишүүн зөвхөн өөрийн болон харилцагчдынхаа төлбөр тооцоог хариуцаж ажиллана. Тэгвэл ерөнхий гишүүн нь өөрийн төлбөр тооцоог хариуцахаас гадна “Монголын үнэт цаасны клирингийн төв”-ийн гишүүн бус үнэт цаасны компаниудын төлбөр, тооцоог хариуцаж хийнэ. Үнэт цаасны арилжааг Т+2 горимд шилжүүлснээр клирингийн байгууллагын гишүүн болон гишүүн бус үнэт цаасны компани гэсэн ялгаа гарч буй.
Клирингийн гишүүн байгууллага болоогүй үнэт цаасны компаниуд хуучин төлбөр гүйцэтгэх банк болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-тэй гэрээ байгуулж, харилцагчдын эскроу дансыг өмнөхийн адил ашиглана. Ингэхдээ төлбөрийн үйл ажиллагааг Т+2 горимоор хийх юм. Харин клирингийн гишүүнээр элссэн үнэт цаасны компани харилцагчийн бэлэн мөнгийг өөрийн номиналь дансанд байршуулан арилжаанд оролцож, төлбөрийг гүйцэтгэж байгаа. Ингэхдээ үнэт цаасны компани нь өөрийн болон харилцагчдын номиналь дансны бүртгэлийг хөтөлнө. Арилжааны шинэ горимд шилжсэнээр Үнэт цаасны тухай хуулийн 4.1.25-д “номиналь эзэмшигч” гэж үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлд хадгалагчаар бүртгэгдсэн, тухайн үнэт цаасны өмчлөгч (бенефициар өмчлөгч) бус зохицуулалттай этгээдийг, 4.1.26-д “бенефициар өмчлөгч” гэж хуульд заасны дагуу номиналь эзэмшигчийн нэр дээр өөрийн өмчлөл дэх үнэт цаасыг бүртгүүлсэн, тухайн үнэт цааснаас үүсэх үр шимийг хүртэх эрхтэй жинхэнэ өмчлөгчийг” гэж заасан нь үнэт цаасны компаниудын хувьд хэрэгжиж эхэллээ.
Гэвч Санхүүгийн зохицуулах хороо клирингийн гишүүн болсон байгууллагуудад зөвхөн бэлэн мөнгөний номиналь дансны эрхийг өгөөд байна. Цаашид дээрх компаниудад үнэт цаасны номиналь дансны эрхийг өгөх ёстой юм. Уг эрхийг авахын тулд компаниуд үнэт цаасны номиналь дансыг удирдах, бүртгэх программ хангамж суурилуулсан байх шаардлагатай.
Бэлэн мөнгөний номиналь дансны эрхтэй үнэт цаасны компани өөрийн харилцагч болон клирингийн гишүүн бус байгууллагад мөнгө зээлж, хувьцаа худалдаж авах боломжийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалт хийх ёстой. Жишээлбэл, иргэн Дорж үнэт цаас худалдаж авахаар өөрөөсөө 100 мянган төгрөг байршуулаад тухайн үнэт цаасны компаниас мөнгө зээлж, хувьцаа худалдаж авах боломжийг бүрдүүлэх шаардлагатай юм. Дээрх боломжийг бүрдүүлсэн тохиолдолд үнэт цаасны компанид харилцагчаа танин мэдэж, түүний санхүүгийн чадавхыг судлан, эрсдэлээ сайтар үнэлэх шаардлага тулгарна. Үнэт цаасны компанид эрсдэлээ сайтар үнэлэх боломж олгохын тулд Монголбанкны зээлийн мэдээллийн санд нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Санхүүгийн зохицуулах хороо уг асуудлыг шийдвэрлэхээр Монголбанктай хамтран ажиллаж эхлээд байна. Үнэт цаасны компани харилцагчдадаа хувьцаа худалдаж авах зээл олгосноор тодорхой хэмжээний хүү тооцон, орлогоо нэмэгдүүлэх боломж үүснэ.
Харилцагчийн номиналь данс арилжааны банканд байршиж буй. Банк дампуурч, үнэт цаасны компани болон тэдгээрийн харилцагчдыг хохироох магадлал манай улсад өндөр. Иймээс үнэт цаасны компани өөрийн дансаа Төвбанканд байршуулж, болзошгүй эрсдэлээс хамгаалах олон улсын туршлагыг хэрэгжүүлэх шаардлага ирээдүйд үүсэнэ. Одоогийн байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” болон “Монголын үнэт цаасны клирингийн төв” нь Монголбанканд данстай юм.
Үнэт цаасны номиналь дансны эрх олгох нь хувьцаа зээлээр авч (short sell), хөрөнгө оруулагчид ханшийн уналтаас ашиг олох урьдач нөхцөл болно. Ийм нөхцөлийг бүрдүүлснээр хувьцааны хөрвөх чадвар сайжирч, бодит ханш тогтоно. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн орчны нарийн зохицуулалт хийсэн байх шаардлагатай. Мөн дэд бүтцийн байгууллагууд болон үнэт цаасны компани хэрэгжүүлэх чадамж бүрдүүлж, эрсдэлээ үнэлэх ёстой. Эл нөхцөлийг бүрдүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороо Үнэт цаас барьцаалан зээлдүүлэх журмыг боловсруулж байна.
Үнэт цаасны зах зээлийн дээрх шинэ боломжуудыг нээснээр үнэт цаасны компаниудад үйл ажиллагаагаа өргөжүүлэх, орлогын эх үүсвэрээ нэмэх давуу талтай. Шинэ боломжуудыг бүрдүүлсэн тохиолдолд үнэт цаасны зах зээлийн бүх оролцогчдод хариуцлагаа улам дээшлүүлэх шаардлага тулгарна. Иймээс Санхүүгийн зохицуулах хороо хяналт, шалгалт хийх аргачлалаа сайжруулж, үнэт цаасны компаниудын нягтлан бодох бүртгэл болон эрсдэлийн менежментийг олон улсын түвшинд хүргэх учиртай юм.
