Монгол улсын үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтын шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ 2024 оны 01-р сарын 30-ны өдөр болж өнгөрлөө. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан уг сургалтад нийт 91 мэргэжилтэн хамрагдаж, 72 мэргэжилтэн тэнцэж, үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрхээ гардан авч, тангаргаа өргөлөө.
Энэ удаагийн сургалт нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан биржийн зуучлагчийн чиглэлээр эрх олгож байгаагаараа онцлог болсон бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тангараг өргөх ёслолыг нээж хэлсэн үгэндээ 2023 оны 01-р сарын 12-ны өдрөөс 2024 оны 01-р сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр дамжуулан нийт 17.17 сая тонн нүүрс, төмөр, хайлуур жоншийг 8.16 гаруй их наяд төгрөгөөр арилжаалаад байгаа мэдээллийг онцоллоо.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь "Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтыг 2011 оноос хойш 38 удаа зохион байгуулсан бөгөөд нийт 4076 хүнд хөрөнгө оруулалт, үнэт цаасны зуучлалын эрхийг шинээр олгосон бөгөөд эрх нь хүчинтэй байгаа 1886 мэргэжилтэн ажил, үйлчилгээ явуулж байна. Бид та бүхэнтэй хөрөнгийн зах зээлийг хамтдаа хөгжүүлж, мэргэжлийн ёс зүйг баримтлан хамтран ажиллахад таатай байх болно.
