Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Хөрөнгө оруулалт, хөрөнгө санхүүгийн зах зээлийн дэд хорооны хурал 2024 оны 10 сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монгол банк, Монголын хөрөнгийн бирж (МХБ), СЭЗИХ, Ард санхүүгийн нэгдэл, Эм Си Эс ХХК болон бусад байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм. Хурлаар салбарын тулгамдсан асуудлууд болон бодлогын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөв.
МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга Ц.Содхүү нь хурлаар дараах асуудлуудыг дэвшүүлэн хэлэлцүүлэв:
Монголын хөрөнгийн биржийн системийн асуудлаас шалтгаалан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны клирингийн төв, болон үнэт цаасны компаниудын хооронд арилжааны дансны хөдөлгөөн, төлбөр тооцоо саатах, удаашрах зэрэг хүндрэлүүд гарч, Холбооны гишүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (УУББ)-ийн үйл ажиллагаа, хууль журмуудын хоорондын уялдаа муу байгаа нь оролцогч талуудад ойлголтын зөрүү үүсгэж, зуучлагч брокерын үүрэг тодорхойгүй байдалд байна.
Үнэт цаас, хувьцаа эзэмшигч ногдол ашгаас авах татварын хувь хэмжээг багасгах, татварын хуульд орсон өөрчлөлтийг зөвөөр тайлбарлаж, хэрэгжүүлэхэд удирдамж, заавар дутмаг байгаа асуудлыг хөндлөө.
Уулзалтын үр дүнд МХБ системийн шинэчлэлийг хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаагаа мэдэгдэв. Эдийн засгийн бодлогын зөвлөл татварын хуульд нэмэлт оруулах саналаа хүргүүлэхийг зөвлөж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
