Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон Консепт интернэшнл ХХК-ийн хооронд байгуулсан Стратегийн түншлэлийн санамж бичгийн хүрээнд талууд Монголын хөрөнгө оруулалтын зах зээлийг тэлэх, биржийн бус зах зээлийн Эдийн засгийн өсөлтөд үзүүлэх потенциалыг нэмэгдүүлэх ажлуудыг хамтран хэрэгжүүлэх зорилготой юм. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж буй энэхүү санамж бичгээр:
Үнэт цаасны зах зээлийн потенциалыг нэмэгдүүлэх кампанит ажлуудыг хамтран хэрэгжүүлэх;
Санхүү, Үл хөдлөх, Технологи, Уул уурхай болон бусад секторын байгууллагуудыг гаднын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн байгууллагуудтай холбох;
Биржийн бус зах зээл дээр үнэт цаас гаргагч компаниудад тусгай нөхцөлөөр маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр талууд харилцан тохиролцов.
Монголын Эдийн засагт үлэмж нөлөөтэй Хөрөнгө оруулалтын зах зээл тэр дундаа бондын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн харилцааг эрчимжүүлэх ажил дээр ийнхүү стратегийн түншлэлээр хамтран ажиллаж эхэллээ.
Жич: Консепт интернэшнл ХХК нь Санхүү, Банк, Хөрөнгө оруулалтын салбарын системийн хэмжээнд ажилладаг мэргэжлийн байгууллага юм. Тус компани өнөөдрийн байдлаар мэргэжлийн холбоод, ҮЦК-иуд, санхүү, банкны секторын байгууллагуудтай хамтран “Хөрөнгөтөн” хөрөнгө оруулалтын хаалттай форумыг хөгжүүлж байгаа бөгөөд Монголбанкны Төлбөрийн системийн шинэчлэл төсөл болон Финтек буюу санхүүгийн технологийн компаниудын маркетингийг хариуцан ажилладаг.
С.Идэр: “Санхүү, банкны салбарт 20 орчим жил ажилласан мэргэжлийн туршлага болон стратегийн маркетингийн шийдлүүдийг Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоотой хамтран Хөрөнгө оруулалтын зах зээлд нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна.”
Б.Буянхишиг: “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн дараагийн шат болох оролцогч талууд болон, хөрөнгө оруулагчдын харилцааг стратегийн түвшинд гаргах цаг үе ирээд байна. Андеррайтерууд, Үнэт цаас гаргагч компаниуд, Хөрөнгө оруулалтын сангууд, Зохицуулагч байгууллагуудад нэн шаардлагатай Маркетингийн компанитай хамтран ажиллах болсондоо баяртай байна.”
