Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд 30 жилийг ардаа үджээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байгаад чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн бусад оронтой харьцуулахад энэ зах зээлийн хөгжил манайд харьцангуй сул гэж үнэлэгддэг. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламжийн систем алхам алхмаар сайжирч буй. Үүнийг дагаад шинэ бүтээгдэхүүн гаргах, зах зээлийн багтаамжаа тэлэх боломж нээгдэж, хөгжил нь шат шатаар ахиж байгаа билээ.

ОТС буюу биржийн бус зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох шийдвэрүүд гаргасан нь хөрөнгийн захын хөгжлийг урагшлуулах том алхам боллоо. Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 9-ний 995 дугаар тогтоолоор Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталсан. Уг журмын дагуу Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах юм.

Олон оронд үнэт цаасны компаниудыг нэгтгэсэн, өөрийгөө зохицуулах байгууллага нь биржийн бус зах зээлийнхээ үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг жишигтэй. Эл жишгийг баримтлан Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо биржийн бус зах зээлийг эх орондоо хөгжүүлэх үүрэг хүлээж байна.

Тус холбооноос биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны нарийвчилсан харилцааг зохицуулсан журмуудаа боловсруулж, өнгөрсөн сарын 1-нд Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулсан. Улмаар долдугаар сарын 30-нд  “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-тай Биржийн бус зах зээл дээрх үнэт цаасыг хадгалах, нэгдсэн болон тухайлсан бүртгэл хөтлөх, мэдээлэл солилцох гэрээ байгуулав. Түүнчлэн арилжааны систем хөгжүүлэх компаниар шалгарсан “Анд системс” ХХК  биржийн бус зах зээлийн арилжааны системийг хийн, туршилтыг нь эхлүүлсэн. Тэгэхээр үндсэндээ биржийн бус зах зээлийг хөгжүүлэх суурь бүрдсэн гэхэд болно. Тодруулбал, эрх зүйн орчин, арилжааны систем, үнэт цаасыг хадгалах нөхцөл нь бүрдээд байна. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос ирэх сард багтаан анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж буйгаа дуулгав. Биржийн бус зах зээлээс хөрөнгө “босгох'’ компаниуд аман байдлаар хандаад эхэлсэн гэсэн.

Монголын хөрөнгийн зах зээл тун удахгүй биржийн болон биржийн бус гэсэн хоёр хэсэгт хуваагдах нь. Онцлог, ялгаатай талуудтай учраас биржийн бус зах зээл гэж тусгайлан нэрлэдэг. Биржийн бус зах зээл нь мэргэжлийн оролцогчдын хүрээнд үйл ажиллагаа явуулна. Хэн дуртай нь энэ зах зээлээс бүтээгдэхүүн худалдаж авч, арилжаа хийх боломжгүй. Тэгэхээр биржийн бус зах зээл дээрх бүтээгдэхүүн хаалттай хүрээнд арилжигдана гэж ойлгох хэрэгтэй. Шалгуур хангасан этгээдийг мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж үзэх нь.

Журамд мэргэжлийн оролцогчийг шууд болон шууд бус гэж хоёр ангилахаар тусгажээ. Шууд оролцогч нь үнэт цаасны брокер, дилер, андеррайтерын эрхтэй үнэт цаасны компаниуд байх аж. Монголд үнэт цаас зуучлан борлуулах эрхтэй 47 Үнэт цаасны компани бий. Тэдгээр нь биржийн бус зах зээлийн мэргэжлийн оролцогч болох боломжтой. Шууд бус оролцогч гэж хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжийг хэлэх юм байна. Хөрөнгө оруулагч иргэнд нэг жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцсон туршлагатай, жилийн 120 сая төгрөгийн орлого. эсвэл 500 сая төгрөгтэй дүйх хөрөнгөтэй байх гэсэн шалгуур тавих аж. Тэгэхээр хувь хүн сарын дундаж орлого 10 сая болон түүнээс дээш, эсвэл 500 сая төгрөгөөс дээш цэвэр хөрөнгөтэй байж биржийн бус зах зээлийн арилжаанд оролцоно гэсэн үг.

Яагаад шалгуур тавьдаг вэ гэвэл биржийн бус зах зээл эрсдэл өндөртэй. Тиймээс эрсдэл даах чадвартай этгээдийг оролцуулдаг гэсэн үг. Одоогоор шууд бус оролцогчийн бүртгэлийг  үнэт цаасны компани нь хийх зохицуулалт хийжээ. Цаашдаа Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос оролцогчоо тодорхойлж, арилжааны системд нэвтрэх эрх өгөх юм байна.

Үнэт цаасны компани болон мэргэжлийн хөрөнгө оруулагчид биржийн бус зах зээлээс үнэт цаас худалдаж авбал ирэх жилийн наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл ямар нэгэн шимтгэл авахгүй байхаар тодорхойлсон. Энэ нь шинээр үүсэх зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлнэ гэж тооцжээ. Нөгөөтээгүүр, зах зээл үүсгэгчийг хөгжүүлэх эхлэлийг тавина гэж үзэж буй. Андеррайтер нь өөрийн хөрөнгөөр үнэт цаас худалдаж авах үзэгдлийг зах зээл үүсгэх гэж нэрлэдэг. Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн орнуудад үнэт цаасны компаниуд хувьцаа, бонд худалдан авч, арилжин зах зээл үүсгэх үзэгдэл түгээмэл билээ. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц. Хуяг “Биржийн бус зах зээлээс дилерүүд хувьцаа, үнэт цаас худалдаж авахад шимтгэл төлөхгүй байх шийдвэр нь үнэт цаасны компаниудад хөрөнгөө өсгөх нэг боломж. Мөн мэргэжлийн хөрөнгө оруулагч бий болох эхлэл болж байна" гэв.

Биржийн бус зах зээлийг эрсдэл өндөртэй гэж дээр дурдсан. Уг зах зээлд гаргах үнэт цаасанд өндөр шаардлага тавьж, нарийвчлан хянадаггүй учраас эрсдэл өндөр. Шинээр үүсгэх гэж буй биржийн бус зах нь татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээнд хязгаар тавихгүй гэнэ. Бүртгэлийн хороо ажиллах агаад тэд материалын бүрдүүлбэр нь журам, дүрэмд нийцэж буйг л хянах юм байна. Ингээд хөрөнгө ‘босгох" бүртгэлийг 5-15 хоногт багтаан хийх аж. Биржийн бус зах зээл дээр үнэт цаас гаргах нь зардал багатай байдаг. Тиймээс үнэт цаасны бүртгэлийн хураамж. арилжааны шимтгэл маш бага. Энэ нь аж ахуйн нэгж, гарааны бизнесүүдэд богино хугацаанд, зардал багатайгаар хэрэгцээтэй санхүүжилтээ татах боломж олгодог. Биржийн зах зээл нь захиалгад суурилсан байдаг. Харилцагч үнэт цаасыг тодорхой ханшаар худалдаж авах захиалга өгч, тэр үнээрээ л авдаг гэсэн үг. Харин биржийн бус зах зээл нь мэргэжлийн оролцогчид хоорондоо үнэ тохиролцон арилжаа хийх боломж бүрдүүлдэг байна.

Биржийн бус зах зээлд гаргах эхний үнэт цаас нь компанийн өрийн хэрэгсэл байх аж. Өөрөөр хэлбэл, бонд арилжих нь. Дараа нь Засгийн газрын бондыг арилжих хүсэлт гаргах гэнэ. Цаашлаад уг зах зээлд хувьцаа, санхүүгийн үүсмэл хэрэгсэл арилжих юм байна. Биржийн бус зах зээлийн гол бүтээгдэхүүн нь бонд байдаг. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж бондын зах зээлд өрсөлдөгчтэй болох нь.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “УИХ-ын тогтоолоор зээлийн хуүг бууруулах стратеги баталсан. Энэ баримт бичигт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эрсдэлийг бууруулах, багтаамжийг нэмэгдүүлэх талаар тусгасан юм. Үүнийг хэрэгжүүлэх бодлогын цогц арга хэмжээний нэг хэсэг нь биржийн бус зах зээлийг хөгжүүлэх ажил байлаа. Олон улсын зах зээлд биржийн бус зах зээлийн үндсэн бүтээгдэхүүн нь бонд байдаг. Уг зах зээлийг хөпжүүлснээр компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл хөгжих эхлэл тавигдлаа гэж харж байна" гэв. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон ч биржийн бус зах зээл бондын захыг маш хурдтай хөгжүүлнэ гэж тооцоолж буй. Тус холбооныхон дунд болон урт хугацаанд биржийн бус зах зээлийг олон улсын шаардлагад нийцсэн стандартад оруулах зорилго тавьсан гэнэ. Энэ ажлын хүрээнд “ASIAN+3 multi-currency bond issuance framework ”-д уялдуулсан стандарт боловсруулж эхэлжээ. Улмаар Ази, Номхон далайн орнуудтай холбогдон зах зээлээ өргөжүүлэхээр төлөвлөсөн. Үүний эхний алхам болгож “International Capital Market Association" байгууллагатай харилцан гишүүнчлэлийн гэрээ байгуулжээ. Ийнхүү Монголын хөрөнгийн зах зээлд хөгжлийн шинэ талбар нээгдэх нь ээ.

2021-08-06

Эх сурвалж: Өнөөдөр сонин