Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид, хүндэт зочид оо,

Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед санхүүгийн зах зээлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хөгжлийн шийдэл, гарцуудыг тодорхойлж, тулгамдсан асуудлаа тал бүрээс нь ярилцахаар “Нэг зорилго – Нэгдсэн шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цаг үеэ олсон энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулагчдад мөн баярлалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэн даруй авах арга хэмжээнүүдийн дотор хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, түүний чадавхи, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх асуудал чухал байр суурийг эзэлж байгаа билээ.

Цаашид Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмолжуулах, хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах, үнэт цаасны зуучлагч компаниудын оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон төслүүдийг урт хугацааны санхүүжилтээр хангах Хөрөнгө оруулалтын сан байгуулах, Санхүүгийн зах зээлийг 2022 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулах зэрэг тулгамдсан асуудлуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шуурхай шийдвэрлэх нь хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чухал нөлөөтэй төр, засгийн бодлого, арга хэмжээ байх болно гэж үзэж байна.

Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дэмжиж иргэд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өмч хувьчлал, Засгийн газрын болон компаниудын бонд, үнэт цаасны арилжааг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хийх, тэдгээрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэйгээр олон нийтийн зүгээс хянах нөхцөлийг бүрдүүлэх, үүгээр дамжуулан баялгийн хуваарилалтыг хийх нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд авбал зохих арга хэмжээнүүдийн нэг мөн.

Өнөөдөр мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид хамтран хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх чиглэлээр анх удаа зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлгээс зохистой шийдэл, зөв гарцуудыг тодорхойлсон, практик ач холбогдолтой, санал, санаачилга гаргана гэдэгт итгэж байна.

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхтэй холбогдсон Та бүхний ажил хэрэгч санал, санаачилгыг Улсын Их Хурал, түүний Эдийн засгийн байнгын хорооноос дэмжиж ажиллах болно.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.