Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагын "Удирдах ажилтнуудын зөвлөгөөн" 2022 оны 06-р сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан. Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлууд болон зах зээлийн цаашдын хандлага, хөгжлийн стратегийг тодорхойлох саналуудыг боловсруулж бүх гишүүдийн хамтарсан тунхаг бичиг гаргалаа. Тунхаг бичгийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО, УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН-2022 БҮХ ГИШҮҮДИЙН ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ

Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн болон Мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах, Системийн нийцлийг сайжруулах зорилгоор Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүдийн нийтлэг асуудлыг шийдвэрлэж, салбарын өсөлт, хөгжлийг дэмжиж нийт гишүүн байгууллагуудтайгаа хамтран ажиллахаа илэрхийлж байна.

Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн хөгжилд мэргэжлийн байгууллагуудын оновчтой, мэргэшсэн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагчийн өгөөжийн нэмэгдүүлэх, санхүүгийн зардлыг бууруулж, үйл ажиллагаанд тэдний оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх замаар дотоодын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ. Салбарын дэд бүтцийн болон мэргэжлийн байгууллагуудын хувьд зохицуулалтын орчин, харилцан хамаарал бүхий систем, дэд бүтцийн асуудлыг хамтран шийдвэрлэх нь эерэг үр дүнтэй шийдвэрлэх алхам болно гэдэгт бид итгэлтэй байна.

Холбооны нийт гишүүд дараах асуудлаар санал нэгтэйгээр хамтран ажиллахаар тохиролцож салбарын Бодлого тодорхойлогч, Зохицуулагч эрх бүхий байгууллагууд болон бусад бизнесийн болон ТББ-д энэхүү санаачилгыг дэмжиж ажиллахыг уриалж байна. Үүнд:

Зохицуулалтын орчныг сайжруулж, үүсэж буй шинэ харилцааг богино хугацаанд зохицуулах, Зохицуулалтын бичиг баримтыг боловсронгуй болгоход нийт оролцогчдын санал, оролцоог Холбоогоор дамжуулан нэгдсэн байдлаар эрх бүхий байгууллагуудад хүргүүлж байх;

Салбарын цахим орчин, системийг харилцан хамааралтай байдлаар хөгжүүлэх, дэд бүтцийн байгууллагуудын системийн өөрчлөлт хийх нөхцөлд тухайн байгууллагын системтэй шууд хамааралтай бусад хэрэглэгч, хөгжүүлэгчдийн санал, хүсэлтийг харгалзан үзэх;

Дэд бүтцийн болон мэргэжлийн байгууллагуудын мэдээллийн урсгалыг хамтран тодорхойлж, бүх оролцогчдын хүлээн зөвшөөрсөн протоколыг боловсруулж батлах, шинээр нэвтрүүлэх аливаа системд нэгдсэн протоколыг дэмждэг байх шаардлагыг тавьж байх;

Үнэт цаасны компани болон Хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын системийн нийтлэг шаардлагыг тодорхойлох, системийн үйл ажиллагаа, аюулгүй байдал, найдвартай ажиллагааг сайжруулахад Холбоогоор дамжуулан хамтран ажиллах;

Үнэт цаас гаргагчийн нээлттэй, ил тод байдал, засаглалыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлыг идэвхтэй зохион байгуулах. Үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгож буй үнэт цаасны үнэлгээг бодитойгоор тогтоох тогтолцоог бий болгох;

Зах зээлд гарах шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний зохицуулалт, дэд бүтцийн орчныг бүх түвшинд хурдтайгаар бий болгох, салбарт эргэлдэх мөнгөний хэмжээ, нийт оролцогчдын орлогыг нэмэгдүүлэх замаар бусад асуудлыг шийдвэрлэх;

Дэд бүтцийн байгууллагуудын ТУЗ-д мэргэжлийн оролцогчдын төлөөллийг оролцуулах.

Холбооны гишүүн байгууллагын хувьд дээрх зорилт, арга хэмжээг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж энэхүү тунхаг бичигт нэгдэв.

2022.06.17