МҮЦАЭХ-ноос гаргасан хүсэлтийн дагуу Монголбанкны “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон төв банкны арилжааны нэгдсэн систем /ҮЦТХНС/-ийн талаарх танилцуулах уулзалтад манай гишүүн байгууллагын 40 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.

Тус төслийн зорилго, ач холбогдол нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн дэд бүтэц /FMI/-ийг дэлхийн төвшинд хүргэх, одооны системийн чанарын доголдол, эрсдэлүүдийг халах, цаг хугацаа, үр ашиггүй зардлуудыг хэмнэх, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг олон улсын санхүүгийн зах зээлтэй дэд бүтцийн хувьд холб�х, мөнгөний зах зээл, хөрөнгийн зах зээл ба валютын зах зээлийг өөр хооронд бөгөөд банкны системтэй холбох системийн шийдлийг улам боловсронгуй болгох,зах зээл дэх хөрвөх чадварыг эрс дээшлүүлэх, санхүүжилтийн өртгийг багасгах, үнэт цаасны барьцааны удирдлагын системийг хөгжүүлэх, барьцааны үнэлгээний системийг бий болгох, үнэт цаасны эрсдэлийн удирдлагын системийг хөгжүүлэх явдал юм.

Мөн МҮЦАЭХ-ны гишүүн байгууллагуудын мэргэжилтнүүд Эрдэнэсийн сангийн дэргэдэх “Мөнгөн тэмдэгтийн танхим”-аар зочиллоо.

Монголбанкны үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд олон улсын төв банкнуудын жишгээр Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн түүхийг харуулсан “Мөнгөн тэмдэгтийн танхим”-ыг нээжээ. Тус танхимд Монголын эртний төрт улсууд болон Их Монгол гүрэнд хамаарах эртний зоос, Монголд төлбөр, тооцооны үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоосоор дамжуулан Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн хөгжлийн түүхийг харуулж байсан ба олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох VR, AR программ хангамжийг ашиглан “Холограмм угтагч, хөтөч” интерактив самбар болон AR дэлгэц, “6D хэмжээст хөдөлгөөнийг мэдрэгчид суурилсан санхүүгийн боловсрол, сургалт, танин мэдэхүй”-н контентаар хөгжүүлж, мэдээллийг илүү сонирхолтой, ойлгомжтой байдлаар хүргэж байсан юм.

Үзмэрийн танхимын онцлох үзмэр болох 12,5 кг жинтэй 999 сорьцтой алтан гулдмайг барих, өргөж үзэх бөгөөд алт, мөнгөн гулдмай,4-5кг жинтэй үрлэн алт, мөнгө,XIX-XX зууны эхэн үед төлбөрийн хэрэгсэлд ашиглаж байсан 24 ширхэгтэй “Хунз цай”, 37,4 кг жинтэй гулууз мөнгө болон алт, мөнгө, зэсээр хийсэн дурсгалын зоос, түүний дотор олон улсын зоосны үзэсгэлэн, шалгаруулалтаас шагнал хүртсэн зоос зэрэг олон сонирхолтой үзмэртэй танилцлаа.