Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн  хамтарсан тушаалаар “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг  шинэчлэн баталсан бөгөөд тус журмаар технологид суурилсан шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хязгаарлагдмал орчинд туршиж, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар, онцлогт тохирсон хууль эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, сайжруулах зорилгоор бий болгосон юм.

Тус шинэчилсэн найруулгаар сэндбоксд орох хүсэлтийг хугацаа харгалзахгүй хүлээн авах, сэндбоксын орчинд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй турших боломж бүрдсэн төдийгүй сэндбоксын оролцогчдод тавигдах шаардлага, үйл ажиллагаатай холбоотой харилцааг илүү тодорхой болгох, нарийвчилсан зохицуулалтыг тусгаснаараа давуу талтай болсныг СЗХ-оос онцолжээ.

Мөн сэндбоксын асуудал хариуцсан нэгжийн чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэх ба зах зээлийн оролцогчид Сэндбоксын албаар дамжуулан зохицуулагч байгууллагуудтай харилцаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ турших боломж бүрдэж байна.

Нэмэлт мэдээлэл:

Үүсэл: Сэндбоксын зохицуулалт нь анх 2015 онд Их Британид бий болсон бөгөөд 2018 оны эхэн үе гэхэд дэлхийн 20 гаруй орны санхүүгийн зохицуулалтад идэвхтэй хэрэглэгдэж байна. Эдгээр орнууд нь Европ болон Азид голчлон төвлөрч байгаа юм. (peak.mn)

Сэндбокст орох давуу тал:

Зах зээлд гарч ирж буй шинэ санаачилга, дэвшилтэт бүтээгдэхүүнийг мэдээллийн нэг урсгалаар хянан, зохицуулснаар тэдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээний сул тал, эрсдэлийг багасгах, эрх зүйн болон бизнесийн стандарт, шаардлагуудад нийцүүлэх боломжуудыг тооцоолж, ФинТек-ийн хөгжилд дэмжлэг үзүүлдгээрээ Сэндбокс давуу талтай. Энэ нь эргээд зах зээлд санхүүгийн хүртээмжийг сайжруулах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. (peak.mn)

Тавигдах шаардлага:

Оролцогч нь хуулийн этгээд байх шаардлагатай бөгөөд сэндбоксын хүрээнд үүсэх эрсдэлийг даах чадвартай байхыг шаарддаг. Мөн тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нь аливаа хугацаа хэтэрсэн өр төлбөргүй, эдийн засгийн эсрэг гэмт хэрэг үйлдэж,  гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх гэсэн үндсэн шаардлагыг тавьж байна.

Сэндбоксын зөвлөл, алба:

Сэндбоксын журмын хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Сэндбоксын зөвлөл болон Сэндбоксын албатай байхаар журамдаа тусгасан байна. Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаатай холбогдох харилцааг “Сэндбоксын зөвлөлийн дүрэм”-ээр зохицуулах ба уг дүрмийг санхүүгийн зохицуулагч байгууллагууд хамтран батлахаар заажээ. Харин сэндбоксын албаны чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэх юм.

Бусад мэдээлэл, журамтай энд дарж танилцан авах боломжтой.