Монгол Улсын санхүүгийн шинэтгэлийн цогц арга хэмжээний хүрээнд 2021 онд баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд энэ оны зургаадугаар сарын 30-нд багтаан хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих зохицуулалт орсон. Гэвч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 03-ны хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны гуравдугаар сарын 18-ны УИХ-ын дарга болон тус байнгын хороонд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг 2023 оны зургадугаар сарын 30 хүртэл нэг жилээр хойшлуулах санал гаргасантай танилцаж дэмжсэн байна.
Үүнтэй холбоотой Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос дараах мэдэгдлийг гаргаж байна.
Арилжааны банкуудын IPO нь Монголын ард түмэн банкны хувьцаатай болох том боломж бөгөөд зах зээлд ихээхэн хүлээлт үүсгэж, хөрөнгө оруулагчдын зүгээс банкуудын IPO-той холбоотойгоор бэлэн мөнгөө хадгалах, хөрөнгө оруулалтаа худалдах зэргээр хөрөнгө оруулалтын тодорхой шийдвэрүүд гаргаад байгаа билээ. Мөн банкуудын IPO-той холбоотой хөрөнгө оруулалтын нээлттэй болон хаалттай сангууд бий болж, хөрөнгө оруулагчдын мөнгийг татан төвлөрүүлээд байна. Энэхүү боломжийг бий болгох гэж тус холбооны гишүүн байгууллагуудын зүгээс маш их зардал, хүн хүч гаргаж бэлдсэн бөгөөд системийн банкуудын зүгээс ч үнэлгээ, андеррайтер, хуулийн компаниудад тодорхой хэмжээний зардал гаргаж, зохих бэлтгэл ажлыг хангаад байгаа билээ. Иймд IPO-г хойшлуулах нь хөрөнгө оруулагч нарт багагүй хэмжээний алдагдсан боломжийн өртөг үүсгэх тул хойшлуулах асуудлыг дэмжихгүй байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд цаашдын өмч хувьчлалын шийдвэрүүдэд итгэх итгэл суларч, хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах, нээлттэй болох цаашдын ажлуудад сөргөөр нөлөөлөхөөр байна.
Арилжааны банкууд нь Монголбанкны хяналт шалгалт дор үйл ажиллагаа явуулж, улирал бүр тайлангаа зохицуулагч байгууллага болон олон нийтэд нээлттэй тавьж ирсэн бөгөөд активын чанарын үнэлгээ хийх шалтгаанаар хуулийн хэрэгжилтийг хойшлуулж, хуулийг дагаж мөрдөх зарчим алдагдах ёсгүй гэж үзэж байна.
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн Монголын үнэт цаасны зах зээл дэх анхны Өөрийгөө зохицуулах байгууллага /ӨЗБ/ бөгөөд үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн холбоо юм. Холбоо нь гишүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагааны болон ёс зүйн журмыг тогтоон мөрдүүлэх, сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх замаар үнэт цаасны зах зээлийн хөгжил, шинэчлэлд хувь нэмрээ оруулж, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй зах зээлийг хөгжүүлэх, зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.
2022 оны 05 дугаар сарын 05 Улаанбаатар хот
