2025 оны 4 сарын 16-ны өдөр Монгол Улсын Төрийн ордны Их танхимд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүжилтийн кодын нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө. Энэхүү нээлтэд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Энхбат оролцож, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-д нэгдэж буйгаа илэрхийлэн амлалтын бичигт гарын үсэг зурлаа.

WeFinance Code-н тухай

WeFinance Code нь дэлхийн улс орнуудын төр, санхүүгийн байгууллага, бодлого тодорхойлогчид, олон улсын хөгжлийн байгууллагууд хамтран ажиллаж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг санхүүгийн саад бэрхшээлийг бодитойгоор шийдвэрлэх, тэгш бус байдлыг бууруулах, жендэрийн тэгш хүртээмжтэй бодлого боловсруулах хамтын ажиллагааны платформ юм.

2024 оны байдлаар WeFinance Code-д 24 улс нэгдээд байна. Эдгээрт Албани, Босни ба Херцеговина, Кот-д’Ивуар, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Египет, Фижи, Индонез, Казахстан, Косово, Киргизстан, Мадагаскар, Монгол, Марокко, Монтенегро, Мозамбик, Нигери, Хойд Македон, Руанда, Сенегал, Серби, Сомали, Шри Ланка, Тажикистан, Узбекистан зэрэг хөгжиж буй улс орнууд багтаж байна. Эдгээр улс орон эдийн засгийн бүтэц, санхүүгийн орчны хувьд манай улстай төстэй төдийгүй, жендерийн тэгш байдлыг хангах эрх зүйн суурьтай ч, бодит хэрэгжилтэд саад учруулж буй хүчин зүйлс ижил төстэй байгаа нь хамтран суралцахад өндөр ач холбогдолтой юм.

Монгол Улсад эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн оролцоо өндөр байдаг хэдий ч санхүүгийн хүртээмж, бизнесийн санхүүжилт татах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, ЖДҮ эрхлэгчийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд бөгөөд эмэгтэй бизнес эрхлэгчид улам бүр олширч буй боловч банк, санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт авах магадлал эрэгтэйчүүдийнхээс хавьгүй бага байна.

WeFinance Code-д Монгол Улс нэгдсэнээр:

- Жендэрт суурилсан өгөгдлийн бүртгэл бий болгох: Санхүүгийн байгууллагууд хүйсээр ангилсан мэдээлэл цуглуулж, эдгээр мэдээлэлд суурилсан бодлого боловсруулах үндэс тавигдана.

- Жендер таксономи, Эмэгтэй бизнес эрхлэгчдийн өгөгдлийн систем зэрэг олон улсын аргачлалыг нутагшуулах: Үүгээр дамжуулан зохицуулагч байгууллагуудын өгөгдөлд суурилсан бодлогын чадавхи сайжирна.

- ЕСБХБ, АХБ зэрэг хөгжлийн банкуудаас санхүү, техник туслалцаа авах суурь бүрдэнэ: Судалгаа хийх, өгөгдлийн платформ хөгжүүлэх, жендерт суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэх, хямд өртөг бүхий санхүүжилтийн дэмжлэг  авах гэх мэт олон үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой болно.

- Бүс нутгийн хамтын ажиллагаанд манлайлах боломж: Монгол Улс Төв Азийн бүс нутагт WeFinance Code-д нэгдсэн анхны орнуудын нэг болохын хувьд туршлага түгээх, бүсийн хамтын ажиллагааг манлайлах боломжтой.