Эрхэм хүндэт, хатагтай ноёд оо,
Үнэт цаас, санхүүгийн зах зээлийн бизнес эрхлэгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос санаачлан Санхүүгийн Зохицуулах Хороо, Японы Олон Улсын хөгжлийн агентлагтай хамтран “Нэг Зорилго –Нэгдсэн Шийдэл” сэдэвт энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь хөрөнгийн зах зээлийн тулгамдаж буй асуудлуудад оновчтой гарц шийдлийг олсон чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болно гэдэгт итгэлтэй байна.
Асуудлыг хамтран хэлэлцэж, ур ухаанаа уралдуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой, шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжих боломжтой арга замыг сонгон авах нь бидний өмнө тулгарч байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах зөв гарц мөн гэж үзэж байна.
Монгол Улсын Их Хурал 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлан гаргасан. Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгө�г Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлахаар бэлтгээд байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт олон тооны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тусгагдаад байгаа бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд сайн төлөвлөгөө, чадварлаг менежмент, төслийн санхүүжилтийн зөв тогтолцоо шаардлагатай.
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн шаардлага өнөөдөр урьд урьдаас илүү чухлаар шаардагдаж байгаа нь манай бизнес эрхлэгчдийн зүгээс олонтаа гаргаж байгаа санал, шаардлагуудад тусгалаа олж байна.
Монгол Улсад хөрөнгө оруулагчид манай улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин төдийлөн тааламжтай бус, хөрөнгө оруулагчдад учирч болох эдийн засаг, улс төрийн эрсдэл байгаа талаар санал, шүүмжлэлээ илэрхийлж байна. Улс төрийн эрсдэл гэсэн хүчин зүйлийн дотор Засгийн газрын тогтворгүй байдал, төрийн албан хаагчдын чадвар чадамж, төрөөс гаргаж байгаа шийдвэрүүд ойр ойрхон өөрчлөгддөг асуудлыг авч үзжээ.
Өнгөрсөн 6 дугаар сард болсон УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын болон саяхан болж өнгөрсөн орон нутгийн ИТХ-ын сонгуулиар Улсын Их Хурал, ИТХ-уудад МАН дийлэнх олонхийг бүрдүүлсэн нь ирэх он жилүүдэд улс төрийн тогтвортой байдлыг бий болгох урьдчилсан тааламжтай нөхцлийг бүрдүүлж байна.
Засгийн газар, Санхүүгийн Зохицуулах Хорооны зүгээс өмнөх жилүүдэд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх асуудалд ач холбогдол өгч тодорхой арга хэмжээ авсаар ирсэн.
Монгол Улсын Засгийн газраас 2010 онд “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай”тогтоолыг батлан гаргаж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд шаардагдах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны дүрэм, журмыг боловсронгуй болгох зэрэг асуудлаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Үүний үр дүнд хөрөнгийн зах зээлд хийгдэх арилжааны тоо, дүн хурдацтай өсөн нэмэгдэж Хөрөнгийн Зах зээлийн үнэлгээ 2011 оны байдлаар хамгийн өндөр түвшинд хүрч өссөн. Гэвч харамсалтай нь өнгөрсөн жилүүдэд түүхий эдийн үнэ ханш, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол улсад оруулах хөрөнгө оруулалт буурсан, хөрөнгө оруулалтын орчин тааламжтай бус байсны улмаас компаниуд үнэт цаасны зах зээлд оролцох идэвх сонирхол сүүлийн жилүүдэд эрс буурсаар ирлээ.
Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар энэхүү төлөвлөгөөг эцэслэн хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Уг төлөвлөгөөнд макро эдийн засгийг тогтворжуулах багц зорилт, арга хэмжээ тусгагдаад байгаагийн дотор “Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмолжуулах, хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах, үнэт цаасны зуучлагч компаниудын оролцоог нэмэгдүүлэх” гэсэн зорилтыг тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Монгол Улсын өмнө тавигдаж байгаа урт, дунд хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон талын эх үүсвэртэй, санхүүжилтийн маш сайн тогтолцоо шаардагдаж байна. Энэхүү тогтолцоо нь зөвхөн банкны салбараас бус санхүүгийн зах зээлийн найдвартай, ирээдүйтэй тогтолцоон дээр тулгуурлах шаардлагатай.
Иймээс бид арилжааны банк давамгайлсан тогтолцооноос банк, санхүүгийн зах зээлийн төрөлжсөн тогтолцоонд шилжих, аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх олон улсын шинэлэг арга зүйд суралцах, түүнийг Монгол улсад үр бүтээлтэй нэвтрүүлэх шаардлагатай болж байна.
Монгол Улсын Засгийн газар санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, түүнд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлээр дамжин хэрэгжих төслийг олшруулахын төлөө шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлэх болно.
“Нэг Зорилго –Нэгдсэн Шийдэл” сэдэвт хэлэлцүүлгээс гарах зөвлөмжид Засгийн газар үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх олон тооны үнэ цэнтэй, ажил хэрэгч санал, санаачлага тусгагдана гэж итгэж байна.
Монголын Хөрөнгийн зах зээл арилжаанд оролцогчдын захиалгаар дүүрэн байж, бизнес эрхлэгчдийн төслийг санхүүжүүлэх баттай, шинэ эх үүсвэр болж улам бүр цэцэглэн хөгжихийн ерөөлийг өргөн дэвшүүлье.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа.