Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь хөрөнгийн зах зээлийн тэмдэглэлт өдөр болох Монгол Улсад бэлэн мөнгөний арилжаа эхэлсэн өдөр буюу 2024 оны 8-р сарын 28-ны өдрийг тохиолдуулан Монголын хөрөнгийн биржтэй хамтран "Цан цохих" ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны арилжааны хоёрдогч зах зээл эхэлснээр Монголын хөрөнгийн биржийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байсан 29 брокерын пүүсийг хувьчилж, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий бие даасан хуулийн этгээд болон зохион байгуулжээ. Бэлэн мөнгөний арилжаа эхэлснээр "цэнхэр тасалбар"-аар худалдан авч эзэмшсэн хувьцаагаа иргэд хоорондоо болон бусад этгээдэд бэлэн мөнгөөр худалдаж эхэлсэн юм.
Мөн Холбоо нь хөрөнгийн зах зээлийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монголын банкны холбоотой хамтран санхүүгийн салбарын бэлгэдэл болсон “Бухын хөшөө” урланг бүтээхэд дэмжлэг үзүүлсэн гишүүн байгууллагуудад талархлын бичиг гардуулан өглөө. Салбараа төлөөлөн тус хөшөөг бүтээхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан компаниуддаа дахин талархал илэрхийлье.
