Монгол улсад биржийн бус зах зээл хөгжих эрх зүйн орчин өнгөрсөн онд буюу Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны 12-р сарын 09-ны өдрийн 995 дугаар тогтоолоор “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам” батлагдсанаар бүрдсэн бөгөөд “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 63.1.14.-т зааснаар Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) нь биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам тогтоож, хэрэгжилтийг хянах үүрэгтэй гэж заасан билээ.
Журмаар “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” /МҮЦАЭХ/ ӨЗБ нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байгаа бөгөөд “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ын 2.5.-д заасан харилцааг зохицуулах нарийвчилсан журмуудыг боловсруулж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 07-р сарын 01-ний өдрийн 168 тоот тушаалаар батламжлууллаа.
"Биржийн бус зах зээлийн ерөнхий журам"
"Биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэлийн журам"
"Биржийн бус зах зээлийн арилжааны багц журам"-ыг тус тус бүртгэн батламжиллаа.
Ийнхүү биржийн бус зах зээлийн эрх зүйн орчин бүрдэж, зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарах боломж бий болсон. ББЗЗ нь үнэт цаас гаргагчдын цаг хугацаа, зардлыг хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах, өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл бий болох, үнэт цаасны хөрвөх чадвар сайжирч, мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг давуу талтай юм.
Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой Удирдах зөвлөлөөр батлагдсан ББЗЗ-ийн Бүртгэлийн хороо байгуулагдсан бөгөөд хараат бус гишүүдээс болон хөрөнгийн зах зээлд ажилласан туршлагатай, санхүү нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, үнэлгээгээр мэргэшсэн байнгын болон байнгын бус гишүүдээс бүрдсэн.
2021 оны 8-р сарын 17-ны өдөр анхны үнэт цаас бүртгүүлэх хүсэлт ирсэн бөгөөд бүртгэлийн ажилтан нэг өдрийн дотор баримт бичгийн бүрдэлтэй танилцан, 8-р сарын 18, 20-ны өдрийн бүртгэлийн хорооны хурлаар хэлэлцүүлж, “Биржийн бус зах зээлийн ерөнхий журам”-ын 3.7.1, “Биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 2.8-д заасныг үндэслэн Бүртгэлийн хорооны 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор “Монкон Констракшн” ХХК гаргах “Монкон бонд”-ыг ББЗЗ-д арилжаалах үнэт цаасаар бүртгэлээ. Андеррайтер компаниар Голомт Капитал ҮЦК ажиллаж байна.
