Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон ШУТИС нарын Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, шинжилгээ, судалгаа хийх, сургалт, арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээлэл солилцох зорилготой хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд жил бүр тогтмол зохион байгуулдаг “Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид-2022” шилжин явах цомын тэмцээнийг 2022 оны 12-р сарын 10-ны өдөр ШУТИС, БУХС-ийн Бизнесийн удирдлагын салбараас амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээний гол зорилго нь нийт оюутнуудад мэргэжлийн мөн чанар, ач холбогдлыг таниулж, мэргэжлийн хичээлийн хүрээнд үзсэн онолын мэдлэгээ бататган, бодит кейс дээр судалгаа шинжилгээ хийх чадварыг нэмэгдүүлэх, гүнзгийрүүлэн судлах нөхцөлийг бүрдүүлэх, харилцан суралцах, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мөн үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа болон зохицуулах, хэрэгжүүлэгч, оролцогч байгууллагуудад тус сургуулийн санхүүгийн менежмент мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнуудыг таниулах, үнэлүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.
Ивээн тэтгэгч байгууллагуудаар Санхүүгийн Зохицуулах Хороо, Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Стандарт Инвестмент ҮЦК, Капитрон банк оролцож ном, сурах бичиг, гарын авлага, сэтгүүл, дадлага хийх эрхийн бичиг, мөнгөн шагналаар тэмцээнд оролцогч бүх оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийлээ.
Тэмцээнд нийт 50 орчим оюутан оролцсоноос багийн дүнгээр Тэргүүн байранд “Avengers” баг, Дэд байранд “Smart Investors” баг, Гутгаар байранд “X” баг, хувийн дүнгээр буюу шилдэг илтгэгчээр Э. Хүслэн-Эрдэнэ шалгарав. Тэмцээнд оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
