Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь "Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам"-ын дагуу Монголын Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж 2021 оны 9-р сарын 7-ны өдөр М-ОТС арилжааны платформын үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш платформын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа билээ. Биржийн бус зах зээлийн арилжааны платформын хөгжүүлэлтийг Холбооны удирдлага дор "Анд Системс" ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулсан бөгөөд Холбоо нь М-ОТС арилжааны платформыг хөгжлийн дараагийн үе шатанд гаргаж, сэндбоксын зохицуулалттай орчинд блокчэйн технологи ашигласан нь дэлхийд анх удаа зохицуулалттай орчинд блокчэйн үнэт цаас арилжаалах арилжааны платформыг хөгжүүлж ажиллаж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны Сэндбоксын зөвлөлийн тавдугаар хуралдаанаар ББЗЗ-ийн блокчэйн арилжааны системийг хэлэлцэж сэндбокс зохицуулалтын орчинд нэг жилийн хугацаатай туршихаар боллоо. Иймд Биржийн бус зах зээлийн арилжаанд блокчэйн системийг нэвтрүүлснээр үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа, төлбөр тооцоог автоматаар, цагийн хязгаарлалтгүй 24/7 гүйцэтгэх боломж бүрдэх юм. Одоогийн байдлаар Биржийн бус зах зээлийн блокчэйн арилжааны системд хөгжүүлж буй платформд анх удаа арилжаагаа явуулахаар 2 үнэт цаас гаргагч хүсэлтээ өгөөд байна.
