2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Арилжаа Төлбөр Тооцоо ХХК болон Үнэт Цаасны Бирж  хамтран Шинэ жилийн арга хэмжээгээ зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр өнгөрч буй 2016 онд болж өнгөрсөн үйл явдлын алдаа, оноог дэнсэлж ажил, үйлчилгээгээрээ бусдыгаа манлайлсан компани, мэргэжилтнүүдийгээ шилдгээр шалгаруулан шагналаа.

МҮЦАЭХолбооноос Залуучуудын холбооны “Нийслэлийн Тэргүүний залуу алтан медаль”-аар “Гаули ҮЦК” ХХК-ийн Ерөнхий менежер Т.Хулан, “Гаули ҮЦК” ХХК-ийн Брокер, дилер Ц.Чанцал,  “Голомт секюритиз ҮЦК” ХХК-ийн Нягтлан бодогч, дотоод хяналтын ажилтан Г.Золжаргал, “Дэү секьюритис монгол ҮЦК” ХХК-ийн Брокер Б.Мөнгөншагай нарыг, Сангийн Яамны “Санхүү, банкны тэргүүний ажилтан”-аар Арилжаа Төлбөр Тооцоо ХХК-ийн Үнэт цаасны тооцооны албаны гүйлгээний нягтлан бодогч Л.Бүжинлхам, Арилжаа Төлбөр Тооцоо ХХК-ийн захиргаа, санхүүгийн албаны дарга ерөнхий нягтлан бодогч Ц.Насанбуян нарыг, Санхүүгийн Зохицуулах Хорооны “Хүндэт Жуух” бичгээр МҮЦАЭХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг, “Гаули ҮЦК” ХХК-ийн Ерөнхий менежер Т.Хулан нарыг тус тус шалгаруулан шагналаа.

Монгол улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, идэвхи зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж “Монголын үнэт цаасны бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасамбуу болон Арилжаа Төлбөр Тооцоо ХХК-ийн Үнэт цаасны тооцооны албаны гүйлгээний ахлах нягтлан бодогч А.Итгэлсүрэн нарыг “Өргөмжлөл”-өөр, МҮЦАЭХолбооны Аудитын хорооны дарга Л.Цэвээнравдан гуайг “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагналаа.

Нийт арилжааны дүнгээр 119 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн БиДиСЕК ҮЦК ХК-г “Шилдэг үнэт цаасны компани”-аар, 100% Төрийн өмчит “Монгол шуудан” ХК-ийн андеррайтераар ажиллаж 34%-ийг олон нийтэд амжилттай арилжаалсан  Гаули ҮЦК ХХК-г “Шилдэг үнэт цаас гаргагч компани”-аар тус тус шалгарууллаа.

Мөн 2016 оны 12 дугаар сарын 28-нд МҮЦАЭХолбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Б.Батсайхан Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулж баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо.

Нийт мэргэжилтнүүд болон компаниуддаа цаашдын ажилд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!